Зөвхөн ЭЭЖДЭЭ




Ээж ээ би уг нь таныг намайг анх дуудахад диваажингийн цэцэрлэгийн солонгийн өнгөт хивсэн дээр соно, бялзуухайнуудтай хамт тоглож, сахиусан тэнгэрүүдийн хайрын дунд баясанхан бүжиглэж байсан юм. Гэтэл гэнэт урьд хожид сонсогдоогүй намуухан хоолой Миний охион хэмээн дуудах нь тэр. Тэрхүү уянгалаг хоолойг сонссон сахиусан тэнгэрүүд дуулалдахаа азнан чагнаж, далайн давалгаа хумин бодолд дарагдсан билээ. Миний явах цаг ирж би дэлхийн хүн болох нь. Би төрлөө. Ээж ээ би ямар азтай юм бэ?
Ээж ээ та минь намайгаа 10 сар халуун дулаан хэвлийдээ тээж, ангир уургаа хөхүүлж өдий зэрэгтээ хүргэсэн билээ. Хэдэн шөнө нойрыг тань хугасалж ядраасан бол? Хэдэн өдөр зөрүүдэлж таныгаа зовоосон бол? Хэдэн өдөр таныхаа үгэнд орохгүй уурлуулсан бол? Магадгүй одоог хүртэл ч юм бил үү? Хүн гэдэг заавал алдаанаасаа өмнө нь биш алдаа хийснийхээ дараа л суралцаж харамсах юм даа.  
Ээж ээ охин чинь 20 насны босгийг алхсан ч хийсэн зүйлгүй таныгаа өөрөөс тань тасарч унасан охин үрийн ёсоор хайрлаж, халамжилж, ачийг тань хариулж чадаагүй л явна. Гэхдээ та хэзээ ч намайг ойлгосонгүй, ядарч байна, зовж байна, хэцүү байна, өвдөж байна гэж хэлж байгаагүй. Энэ бүх хугацаанд та минь надаас хэзээ ч хариу нэхэж байгаагүй. Зөв яв,зөв хүнтэй найзалж нөхөрлө,зөв бодолтой яв,эгч дүү хоёроо хайрла,энэрэнгүй найрсаг бай,онц сур гэх мэт энэ хэдэн энгийн зүйлийг надаас гуйдаг,хэлдэг,захидаг. Та өөр юу ч хүсдэггүй. Дэндүү халуун хайраа надад өгчихөөд дэргэдээс минь холдолгүй өдий хүрсэн ч та хариу нэхээгүй л байна.
Ээж ээ охин чинь танаасаа халаасны мөнгө нэхэж байхдаа хүртэл гаранд тань суусан үрчлээг нь хараагүй тэнэг, миний төлөө гэж өдөр бүр бодол болсоор санчиганд тань хяруу унасаныг хараагүй тэнэг, өдрөөс өдөрт таныхаа залуу сайхан насыг авч байхдаа таны минь царайнд бага багаар үрчлээс нэмэгдсэнийг анзаараагүй тэнэг, хамгийн гоё хувцсыг надад л өмсүүлж байхад таныхаа хувцсыг сэмэрснийг анзаараагүй тэнэг, хамгийн амттайг надад л өгч байхад таныгаа өлсөж байгаа гэдгийг анзаараагүй ийм л тэнэг явж дээ охин чинь.
Өвдөхөд минь шаналж,алдахад минь гуньж,уурлахад минь ухаарал хайрлаж энэ хорвоогийн хаана ч гэлээ зөвхөн биднийгээ л гэдэг тэр их сэтгэлийг тань мэдэрдэг хэрнээ таныхаа ачийг хариулж чадаагүй л явсаар өдий хүрчээ.
Уучлаарай гэдэг үгийг танаасаа хэдэн мянган удаа гуйсан ч багадах байх, шүүдрийн мянган дуслаар хэдэн ч удаа цай чанаж өгсөн ч таны ачийг хариулж чадахгүй байх, хаврын цэцэг шиг, намрын жимс шиг үгийг хэлсэн ч намайг загнадаг хайрын тань хажууд юу ч биш байх, хэдэн өдөр нойргүй таныхаа хажууд суулаа ч гэлээ таныгаа нойргүй хоносон өдрүүдтэй адил зүйлийг амсахгүй байх.
Энэ ертөнцийн хамгийн хэцүү мөртлөө хамгийн гайхалтай "ажил"-ыг хийдэг газарт бууж ирсэн амьд бурхан бол ижий минь та юм.
Ижий минь намуухан гол шиг
Ижий минь хайр гол ус шиг намуухан
Хорвоод олсон тэр л нэр шиг минь амар амгалан
Холын чимээ сонорт ойртон тайвуу
Хосгүй уянгын уртын дуунд
Ижийн минь ааль айзам дөлгөөхөн
Цэнхэрхэн талаа чимэн ганхах
Цэцгийн ганган цоморлиг шиг
Цэгээхэн тэнгэр үүлээ аргадан
Цэл цэлийн дотор уужрах мэт миний ижий
Нас насны намар навчтайгаа уйдахад
Налж хамтдаа гандаагүй ээ миний ээж гундаагүй
Өнгө эрээн хорвоогийн
Цагааныг сүлэх заяанд
Өөрийн гэгээн бүхнээ
Цайлган сэтгэлээрээ тарьж
Ижий минь намуухан байгаль шиг
Нам гүн амьдрана

Comments

Popular posts from this blog

Тийм нэг сонин мэдрэмж