Өрх толгойлсон эмэгтэйчүүд аргагүйн эрхэнд орцны жижүүр хийсээр байна

Нар тусдаггүй, битүү чийгтэй өрөөндөө нарийхан орон дээрээ орцны жижүүр эмэгтэй амарч байлаа. Тэрээр хүн ирэхэд хаалганыхаа жижигхэн шагайвчаар хараад зочноо оруулахын тулд өөрөө өрөөнөөсөө гарав.Энэ өрөө нь 1х3м хэмжээтэй юм. Тэнд нэг хүн л багтах нарийн ор, эсрэг талд нь ганц ширээ тавих зайтай бөгөөд хоёр хүн зөрөх,эгц зогсохч боломжгүй ажээ. Ямар ч цонхгүйгээс цэвэр агаар ордоггүй тул хавар, намар, зуны цагт битүү чийгтэж, өвлийн цагт дотроосоо их халаажгаднаас жавар шууд ордгоос цан  цохино.

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нэгэн орон сууцны подвалд байх ийм өрөөнд амьдардаг жижүүр С:

-Би охинтойгоо энэ хоёр алхам газар ор тавиад амьдраад л байна даа. Нөхөр маань их архи уудаг хүн байсан тэгээд салчихсан. Охин минь хоёр ой гарантай тэрнийгээ нэг хүн болгочих гээд л гурав дөрвөн орц зэрэг зэрэг цэвэрлээд л байж байна даа. Манай энэ жижигхэн өрөө ядаж байхад халаалтгүй дээр нь тогны мөнгө авдаг гэлээ.

Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас нийслэлийн хэмжээнд төвийн зургаан дүүргийн орцны жижүүрийг судлахад 2014 оны байдлаар орцонд амьдарч байгаа хүмүүсийн 80.1 хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байсан бөгөөд  өөрийн гэсэн гэр оронгүй амьжиргааны түвшин доогуур  учраас нэг талаас амьдрах оромжтой нөгөө талаас ажлын эх үүсвэртэй байхын тулд энэхүү ажлыг сонгодог  нь харагджээ.

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 41 дүгээр байрны нэгэн оршин суугч:

-Манай жижүүр хэдэн жил ч ганцаараа цэвэрлэгээ хийв дээ их ч сайн хийдэг. Гэхдээ орой болохоор дотор махаар хоол хийн, орцоор нэг үнэр хадаадаг. Уг нь орцны жижүүр бол ажлын байр шүү дээ. Гэтэл энд бүхэл бүтэн айл гэр, нялх нойтон хүүхэдтэйгээ амьдраад байна гэдэг чинь арай биш ээ. Гуравхан сая иргэнтэй хүн амаа ингэж ядуу амьдруулж байна гэдэг чинь энэ төр засаг л муу байгаагийнх байх даа хэмээн ярьсан юм.

Тэр байрны өөр нэг орцонд жижүүрлэдэг Ч-гийн өрөө шатны дор байрлах агаадмөн л агааргүй, бүгчим, дуу чимээ ихтэйгээс гадна бие засах газар, ундны усны цорго, угаалтуургүй ажээ. Чийг, тоос холилдсон тэр өрөөндөөэгч хөгшин, насанд хүрсэн охиныхоо хамт амьдарна. Өдрийн цагаар гурван зээ нь ч тэнд цагийг өнгөрүүлнэ.

 Тэрээр:

-Би орцны жижүүр хийгээд 13 жил болж байна. Сардаа 240 мянган төгрөгний цалинтай. Яахав дээ муу охиноо идэх хоолтой өмсөх хувцастай, хүний дайтай явуулах гэсэндээ л энэ ажлыг хийж байна. Угаасаа мань мэтийн 60 дөхсөн хөгшин хүнд ажил олдохгүй юм. Охин минь төгсөөд ээжийгээ сайхан авч явна гэдэгт итгэдэг хэмээн хоолой зангируулан ярьсан юм.

Түүнийг энэ ажлыг хийж эхэлж байхад нэгдүгээр ангийн сурагч байсан охин нь одоо их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан болжээ.

Сүхбаатар дүүргийн “Хилчин” сууц өмчлөгчдийн холбооны нягтлан бодогч С. Цэцэгээ :

-Орцны жижүүрийн өрөө бол томоос том өрөө шүү дээ. Бид бол цалин мөнгийг нь цагт нь өгдөг. Аль болох чадахаараа л тусалж дэмждэг. Уг нь бол ажлын байр. Гэхдээ энэ хүмүүс чинь очих газаргүй. Харин бүр дээд холбоонууд л энэ асуудлыг мэдэх байх гэсэн юм.Өвлийн хүйтэн, зуны халууныг ялгалгүй том талбай, хогийн цэг цэвэрлэхээс гадна үргэлж орцны шал угаадаг жижүүрээ оршин суугчид нь ойлгож байрныхаа мөнгийг цаг тухайд нь өгч байгаасай хэмээв.

Есөн давхар байрны хэд хэдэн орцны шалыг өдөр бүр угаах нь нас ахисан эмэгтэйчүүдийн хувьд хамгийн хүнд ажил нь юм.

Орцны жижүүр С:
         
          -Шал угаах усаа бараг автобусны нэг буудлын дайтай газар явж авдаг. Өвлийн хүйтэнд л их хэцүү дээ. Байр луугаа очих гэсээр байталус нь хөрчихдөг. Тэгээд яахав хүйтэн усаар л зүлгэнэ. Үүнээсээ болж бөөр их өвддөг. Бид нар чинь ямар нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөх биш дээ. Үнэндээ над шиг мэргэжилгүй хүнд ажил олдохгүй болохоор бас гэр оронгүй болохоор энэ ажлыг хийж байна даа гэлээ.

Нийгмийн даатгалын газрын цахим хуудсанд тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, сайн дурын даатгалын тухай мэдээлэл байна. Иргэд сайн дураар даатгуулахын тулд иргэний үнэмлэх, шинээр нийгмийн даатгалын дэвтэр нээлгэх бол нэг хувь цээж зураг, хуучин дэвтэртэй бол үргэлжлүүлэн хөтлүүлэх, даатгуулагч гэрээ байгуулаад сар бүр мэдүүлсэн орлогоосоо шимтгэлээ төлөх бүрэн боломжтой гэжээ.Харин орцны жижүүрүүд цалин багатай учраас шимтгэл төлөх мөнгө ч илүүчилж чаддаггүй байна.


Б. Жаргалцэцэг

Comments

Popular posts from this blog

Тийм нэг сонин мэдрэмж